Төрөлх Булганхангай нутгийн түмэндээ Турк улсаас мэндчилж байна.
Угтан золгож буй шороон нохой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орон, аймгийн минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байж, монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Миний бие улс эх орноо төлөөлж тус улсад ажиллахын сацуу улс орны эдийн засаг, бизнес харилцааг өргөжүүлэх, түүнчлэн нутаг орондоо хийж бүтээх төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, үр дүн нь иргэнд шууд хүрэх зорилтот төслүүдийг “Булган хөгжил” корпорациар дамжуулан судалгаанд үндэслэн гаргаад байна.
Сум орон нутгийн үр өгөөж хөдөлмөрчин олны хийж чаддаг уламжллалт арга ухаан, мал аж ахуй, газар тариаланг орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ажилласнаар орон нутаг хөгжих боломжтой юм. “Булган хөгжил” корпорацид шат дараалан авсан судалгаанууд, түүнд тулгуурласан бэлэн төслүүд бий. Ийм учир хөрөнгө оруулалт, аймаг орон нутагтай хамтран ажиллаж эдгээр төслийн үр өгөөжийг хүртэх сайхан цагийг ирэх жилүүдэд бий болгохоор хичээн ажиллаж байна.
Төрөлх нутаг Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн онд анхдагч алдартны нутгийнхан маань улам ихийг бүтээж, тив дэлхийд гайхагдсан алдар суугаа өндөрт өргөн авч явахыг бэлэгдэж байна.
Та бүхэн сайхан шинэлээрэй.
МОНГОЛ УЛСААС ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛ, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН
ЭНЭБИШИЙН МӨНХ-ОЧИР