-Та нэгэн уулзалтад өөрийгөө танилцуулахдаа “намайг Ганбатын Мөнгөн гэдэг. Цагам Цөгөм омгийн хүн байна” хэмээн удам угсаагаа танилцуулж байсан. Ер нь та Монголын түүх судалдаг хүн үү. Яагаад ингэж танилцуулдаг юм бэ?
-Эрт үеэс монголчууд Жалрайдын Жамух, Боржигоны Тэмүүжин гэдэггүй байжээ. Харин тэд өөрсдийн омог, удам угшлыг танилцуулдаг байсан. Энэ утгаараа тухайн омгийнхон хаана нутагладаг, ямар омог болохыг таньж мэддэг байжээ. Үе удам, буюу ургийн бичгээ өөрийн нэр дээр хадгалдаг соёл уламжлалтай байсан гэсэн үг.
Миний хувьд Цагам цөгөм гэдэг нь цагаан ирвэсний чихний дохиуран сор үсийг хэлдэг. Цайд борын тал нутагтай, уужим шарын ухалтай (дээл хувцас), ууж борын нухалтай (гутал), урсгал усан цацлагатай (усыг дээдэлдэг омог), сүмжигдээ бодолтой(аливааг бодож, тунгаадаг), сүржимдээ зарчимтай, сэржимдээ цацлагатай(татлаган бичигтэй омог), Мингэрийн Ширнэн, Ширнэнгийн дунд хүүхэд Ганбат, Ганбатын Мөнгөн гэж өөрийгөө танилцуулах дуртай. Өөрийгөө танилцуулахад хаана ажилладаг, юу хийдэг гэхээс өмнө өөрийн үнэт зүйл буюу омгоо танилцуулах нь зүйтэй гэж боддог.
-Та яагаад илтгэх урлагийг сонирхох болсон юм бэ. Юу таныг хөтлөв?
-Лекторын илтгэлийн гол зорилго нь олонд мэдээлэл хүргэх, тэдний дуу хоолой болох гэж ойлгож болох юм. Монголд харилцааны асуудлын талаар эх оронч сэтгэл, эх оронч хандлага, монгол хүн байх үндсэн суурь соёлын тухай асуудалд анхаарах хүмүүс бага байна гэж мэдрэгддэг байсан. Үүнд чиглээд хүүхдийг бага наснаас нь зөв төлөвшилтэй болгох зорилгыг өвөртлөн илтгэх урлагийг сонирхож эхэлсэн.
-Зарим хүн хятад хүн гэхээр л дургүйцэж, огшоод байхыг эх оронч хандлага гэх үү. Ер нь таны бодлоор эх оронч хандлага гэж яг юуг хэлэх вэ?
-Хүмүүс эх оронч үзэл гэхээр орчиндоо хогоо хаяхгүй, мод тайрахгүй байхаас эхэлнэ гэх нь бий. Гэхдээ эх оронч үзэл, хандлага гэдэг хүн хэн нэгэнд хайртай хэрнээ түүнийгээ хэрхэн илэрхийлж байгаатай адилхан асуудал юм. Эх оронч байна гэдэг ерөөсөө хүнийхээ төлөө байна гэдэг утга юм. Тэгэхээр монгол хүн монгол хүнийхээ төлөө л гэсэн үг. Дуртай, дургүй, харахыг ч хүсдэггүй байх нь хамаагүй монгол хүнийхээ төлөө л юу хийсэн бэ гэдэгт байгаа юм.
Мөн соёлын асуудал байгаа юм. Нүүдэлчин соёл устаж үгүй болж, гээгдэх гэж буй энэ үед хэн нэгэн өөрийн хийж байгаа зүйлдээ монгол соёлоо агуулсан юу хийсэн бэ гэдэг асуулт гарна. Тухайлбал, тогооч хүн гурилтай шөл, цуйвангаа хөгжүүлсэн үү гэж байгаа юм. Манай Монголын хамгийн чадвартай тогооч итали хоол хийдэг байх ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл италиуд ердөө өөрсдийн соёлоо хөгжүүлж, италийн үнэ цэнийг дэлхийд танилцуулж, хоолны дээд хэлбэр Италид байдаг гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсанд л байгаа юм. Тэгэхээр хүн болгон эх орныхоо соёлын утга агуулгыг харуулсан зүйл юу хийж байна вэ гэдэг чухал. Урлагийн хүн байлаа гэхэд тухайн урлагаараа Монголын соёлыг дэлхийн ямар төвшинд авчирч, улсаа таниулах юу хийж байгаа вэ гэдэгт байгаа юм.
-Мөн таны бодлоор орчин үеийн монгол залуус ямар байх ёстой вэ?
-Хүнд
байх зан чанар, ялангуяа монгол хүнд байх зан төлөвийг өөртөө төлөвшүүлж
чадсан уу гэдэг асуулт юм. Монгол хүн тал шиг ээ уудам сэтгэлтэй, уужуу
тайван, аливаад хүлээцтэй ханддаг гэдэг шалгуурт тэнцэх үү гэдгээс
эхэлнэ. Хоёрт, өөрийн удам судраа хэр судалсан байна вэ гэдэг багтана.
Гуравт, хүн чанар, хариуцлага маш чухал. Мөн хариу нэхэхгүйгээр бусдад
туслах, туйлбартай байдал гэх мэт хүний ёс зүйтэй холбоотой олон асуудал
гарч ирнэ.
-Эх оронч хандлагыг цогцлоосон монгол залуус бий болоход юу хэрэгтэй гэж харж байна вэ?
-Хүн
өөрчлөгдөж, хөгжихөд баримжаа хэрэгтэй байдаг гэж бодож байна.
Тухайлбал, Шекспир европчуудад том баримжааг өгсөн байх. Үүнтэй адилаар
бид аль нэг улсаас баримжаа авч болно. Тухайлбал, Хятадад өглөөний 6
цагт зах дээр худалдаа наймаа болж байгаа юм шиг бужигнаж байдаг. Тэд 24
цагийн 70 хувийг үр дүнтэй буюу хөдөлмөрлөж өнгөрүүлж байна гэсэн үг.
Тэгэхээр ажлын бүтээмж сайн байх нь аргагүй юм. Харин бид өөртөө
зарцуулах цагаа унтаж өнгөрүүлэхгүйгээр амьдралынхаа хэмнэлийг өөрчилж,
өөртөө цагаа зарцуулдаг болох хэрэгтэй.
Манайд
өглөө 6 цагт цайны газар нээгддэг болох юм уу, өглөөний зах зээл бий
болгоход одоогийн залуусын хувь нэмэр чухал гэж бодож байна. Эрт
хөдөлмөрлөж эхэлдэг нийгмийг бүтээхийн төлөө залуус нь зүтгэдэг залуу
үеийнхнийг бий болгох нь эхний хийх ёстой алхам гэж бодож байна.
-Сүүлийн
үеийн залуус маань илтгэх урлагийг ихээхэн сонирхож байна. Гэхдээ зарим
нь хэлбэр хөөгөөд байгаа юм шиг харагддаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Нар
байгаа цагт сүүдэр дагадаг гэдэг шиг ярих урлагийг буруу хөгжүүлбэл
сөрөг тал байгаа. Зэвсэг шиг гэсэн үг. Хутгыг тогоочид өгвөл хоол хийнэ.
Мужаанд өгвөл сийлбэр хийнэ. Харин алуурчинд өгвөл хүн ална гэдэг шиг.
Илтгэх урлагт ёс зүй чухал гэсэн үг. Илтгэх урлагт хиймэл яриа хийдэг
залуус нэлээд хөгжиж байгаа. Энэ нь хоосон яригчид, хийрхэгчид буюу ажил
хийдэггүй ам нь хөдөлдөг үлгэрлэгчидтэй холбоотой. Тэгэхээр илтгэгч хүн
нэгд ёс зүйгээ олж авах, хоёрт юу ярих вэ гэдгээ бодох буюу бодож буй
зүйлээ ярихын тулд хүн өөрөө хөгжинө гэсэн үг. Боловсорсон хүний амнаас
үнэ цэнэтэй үг гардаг. Илтгэгч хүн боловсроогүй байж ам нь хөдөлбөл,
хоосон яриа болно гэсэн үг.
-Тэгвэл залуус илтгэх урлагаар зөв хичээллэснээр юуг олж авах юм бэ?
-Илтгэх
урлагаар хичээллэснээр хүн өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Мөн илтгэх
урлаг тухайн хүний ажлын амжилтад нөлөөлдөг. Яагаад гэхээр хүн илтгэхийн
тулд судалдаг. Тэгэхээр аливаад ул суурьтай хандах чадваруудыг
төлөвшүүлж байдаг. Үүнээс гадна харилцааны болон цаг төлөвлөлтийн чадвар
үгийн баялаг нэмэгдүүлэх, судлах арга зүйн чадварыг эзэмших зэрэг олон
авах зүйл бий.
-Уран илтгэхэд илтгэгчээс ямар ур чадварыг шаарддаг вэ?
-Илтгэхэд
чадварын хувьд фитнесстэй л адилхан. Хүн фитнэсст байнгын бэлтгэл
хийвэл турахаас гадна бие махбодийн хувьд хөгждөг. Үүн шиг хэл яриаг
хөгжүүлдэг гэсэн үг. Илтгэлийн 80 хувь нь бодлын менежмент дээр
яригддаг. Илтгэгч хүнээс хамгийн түрүүнд шаарддаг зүйл нь ёс зүйн
асуудал байдаг. Тухайн илтгэгч ямар хүн байх нь маш чухал.
-Хамгийн сүүлд нь залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Нүүдэлчин иргэншилд байгаль, хүн хоёрын харилцаа байсан бол одоо хүн хоорондын харилцаа чухал болсон учраас бидэнд универсал байх шаардлагагүй. Тэгэхээр нэг зүйлээ тууштай хийдэг байх хэрэгтэй. Маш сайн чаддаг нэг л зүйлтэй байхын төлөө хичээх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.