Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн санаачилгаар Булган сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудтай хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийг зодож шийтгэхгүй байх, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Булган аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн Урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Дэлгэрмөрөн, Булган сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Н.Дэлгэрмөрөн нар сурагчдад хүүхдийн эрх, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хандлага, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, сурагчдын санал бодлыг сонсож, харилцан ярилцлаа.
Тус арга хэмжээнд Булган сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 40 гаруй сурагч хамрагдаж, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийн сэдвээр уриалга, ханын самбар бүтээх, мөн илтгэлийн тэмцээн зохион байгуулсан нь сурагчдын оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой боллоо.







